Туслах цэс
Баримтат кино - Movie
- Хүүхэд хүүхдийнхээ төлөө
- Хүүхэд хамгаалал өнөөдөр
- English version
- Children for children
- Child protection today
Зургийн цомог
Сурталчилгаа
Санал асуулга
Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ?
Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ? |
|
| Үр дүнг харуулах | |
Бидний холбоос
Дэмжигч байгууллагууд
Тоолуур
Та манай
17941
дахь зочин боллоо
17941
дахь зочин боллоо
Мэдээ
- Нийтлэгдсэн: ,
- Сэтгэгдэл бичих
Тэд улстөр, урлаг соёл, төрийн бодлого, түмний эрх ашиг ярихгүй, мэдэх ч үгүй. Бас өөрийн туулсан амьдрал, туршлага мэдлэгийг хуваалцаж, бусдад сургааль, жишээ айлдах хэмжээний оюун ухаантай биш. Тэд зүгээр л гэгээн ертөнцийнхөн. Тэр ертөнцийн инээдэмтэй, зах замбараагүй, заримдаа “тэнэг” гэмээр амьдралыг өгүүлэх нь манай энэ булангийн зорилго. Нийслэлийн нэг сая дахь иргэн М.Тэмүүлэнгийн ертөнцөөр энэ удаа зочилъё. Тэмүүлэн хаа байсан шөнийн гурван цагаас ээжийгээ өвдөж зовоочихоод гарч өгөхгүй новширсоор байгаад өдрийн 12 цаг болгосон байгаа юм. Нийслэлийн нэг сая дахь иргэн болох гээд л ингээд байж л дээ. Түүний төрсөн өдөр нь бас тохиолтой. Гахай жилийн гахай өдрийн морин цагт ээжийнхээ 37-ны жил дээр орчлонд ирсэн “шилийн сайн эр”.
Эцэг эх та хүүхдээ өнөөдөр л ганцхан баярлуулж байгаа юм биш биз. Хүүхдийг хатуухан гараар өсгөхгүй бол гээд л суран тэлээний амт хааяа нэг үзүүлээд байдаг бол ч та өөрийгөө чулуун зэвсгийн үеийн нэгэн гэж бодоорой. Хэрвээ иймэрхүү явцуу сэтгэлгээнээсээ салахгүй бол асуудалд орох нь шүү. Яагаад гэхээр Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль мөд удахгүй шинэчлэгдэх гэж байгаа. Гэр бүлийн хуулийг шинэчлэн найруулах төслөөр гэрийн даалгавраа хийсэнгүй гэж толгой руу нь тоншихыг ч хориглосон 40-өөд шинэ заалт орж байгаа юм байна. Америкт аав нь хүүгээ зодвол цагдаад баригддаг гэнэ ээ гээд л нүдээ бүлтийлгэж чихээ дэлдийлгэн сонсдог сонин манайд жинхэнэ утгаараа хэрэгжих нь. Ингэх нь ч зөв. Аав ээж, ах эгчээс хүртсэн таван салаа боов тухайн үедээ ч хожим дурсахад ч тийм таатай сэтгэгдэл төрүүлдэггүй. “Ааваас хүртсэн суран тэлээний амт одоо бодоход миний л сайн сайхны төлөө гэсэн сэтгэлийнх нь амт байж” гэх мэт өгүүлбэр улс төр, урлаг соёлын алдартай эрхмүүдийн ярилцлагад олонтой тохиолддог. Иймэрхүү ухаарлын, бусад аавуудыг хүүхдээ зодоод бай гэдэгт давхар уриалсан аястай үгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дахин давтан хэлээд байх юм бол дэлхий нийттэй харшилсан хэрэг болох нь ээ. Бас “Аав ээжээрээ “тоосоо гөвүүлж” байгаагүй бол өдий зэрэгтэй яваа ч уу үгүй ч үү” гэдгийг манайхан баруун солгойгүй хэлдэг. Эцэг эх тань таныг хэзээ ч зодож байгаагүй бол өдий зэрэгт хүрэхгүй байсан гэж та яаж мэдэж байгаа юм бэ. Нөгөөтэйгүүр зоддоггүй байсан бол та яаж явах, ямар хүн болох байсныг хэн маань ч мэдэхгүй байгаа болохоор олонхи хүмүүс зодуулснаа сайн талаас нь тайлбарладаг. Тэгснээ зодуулсны гэм хор байхгүй гэж хэлж байгаа хүмүүс хамгийн ойр дотно хүмүүстээ зодуулаад огт гомдож туниагүй гэж хэлэхгүй дээ. Өөрсдөө бага байхдаа зодуулж шийтгүүлдэг байсан томчууд хүүхдээ хүмүүжүүлж байгаа нэрээр зодож эхэлдэг. Хүүхдээ зодсоны дараа томчууд үргэлж харамсдаг гэж судалгаагаар гардаг ч тэвчээр нь барагдахдаа тэд дахиад л хүүхдүүдээ зодож орхидог байна. Нийгэм соёлын тийм л орчинд өссөн өмнөх үеийнхнийг буруутгах аргагүй. Зарим ээжүүд хүүхдээ зодож уйлуулчихаад, дараа нь аргадаж, нулимсыг нь арчиж сэтгэлийн таашаал эдэлдэг. Ингэж хайртайгаа, хүчтэйгээ, хүүхдээ зөвхөн өөрийн өмч гэдгээ мэдэрдэг. Ихэр татаж уйлсандаа болоод нулимсаа арчин зогисиж байхад нь “Ээж нь хүүдээ хайртай учраас л зодож байгаа юм шүү дээ, ээжийгээ уучлаарай” гэдэг уламжлалт тайлбарыг хэлдэг. Гэмгүй мэт сонсогдож буй энэ өгүүлбэрийн цаана хүүхдийн хүчирхийлэх “хүсэл” нуугдаж байдгийг судалгаагаар тогтоожээ. Хүүхдээ мэдээж хөхөртөл нь зодохгүй л дээ, таны хүүхдээ өхөөрдөх гаж арга өвдөлтөөс илүү, сэтгэл санааны шарх авчирдаг гэдгийг ухаарах нь зүй. Тэр жил тэгж зодсон аавдаа одоо хүртэл гомддог хүү олон бий. Нэг л өдөр хүү тань харцнаас тань дальдардаг болсон байх вий. Нэр төрийг нь гутаан доромжлох нь өсвөр насныханд бол жинхэнэ там. Өөрийгөө том хүн болсон мэт төсөөлж яваа охиноо “Чи юу чаддаг болоод нүүрээ будаад байгаа юм” гэх ээжийн үг ямар их эмзэглэлийг дагуулдаг бол. Эцэг эхдээ зодуулж шийтгүүлдэг хүүхдүүдийн зан араншинд ямар сөрөг нөлөө гардаг талаар судлахад тэдгээр хүүхдэд догшин, түрэмгий, ёс суртахуунгүй, сэтгэцийн эрүүл мэнд дорой байдал ажиглагджээ. Мөн эцэг эхээс “Та хүүхдээ зоддог уу” гэсэн санал асуулгад хүүхдээ алгадсан таван эцэг эх тутмын хоёр нь “арай хэтрүүлдэг” гэж хэлсэн байна. Хэтрүүлдэг шалтгааныг нь эрдэмтэд тайлбарлахдаа тулгамдсан нөхцөл байдалд хүний тархинд өөрчлөлт гарч, хэдий хэмжээний хүч хэрэглэж байгаагаа зөв тооцоолох чадвар алдагддаг бөгөөд улмаар өөрийн бодож байснаас хүчтэй болдог гэжээ. 2009 оны байдлаар дэлхийн хэмжээнд 24 улс орон хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг бүх орчинд буюу гэр бүл, боловсролын орчин болон эрүүгийн эрх зүйн орчинд бүрэн хориглосон байна. Энэ улс орон дундаас хүүхдийг бурхан лугаа хүндэтгэж, дээдэлдэг орноор Швед тодорсон байна. Харин хүүхдийг зодож шийтгэхгүй байх ямар ч дүрэм журамгүй “ногоон нойл” орноор Бангладеш, Ботсван, Бруней, Даруссалам, Гуяана, Доминик, Зимбабве, Катар, Лесото, Малайз, Саудын Араб, Свазиланд нэрлэгджээ. Эдгээрийн ихэнх нь дэлхийд хөгжил, дэвшлээрээ “сураггүй” орон байгаа биз. НҮБ-аас гаргасан энэхүү баримтанд манай Монгол хүүхдээ хэр дээдэлдэг болохыг ингэж дурджээ. Монгол Улсын хуулт тогтоомжид хүүхдийг зодож шийтгэхгүй байхыг гэр бүлийн орчинд хориглоогүй, сургуульд хориглосон байна. Насанд хүрээгүй хүүхдийн хорих ангид хорьсон ч сахилгын арга хэмжээнд хориогүй байх юм. Мөн асрамж халамжийн төвүүдэд хүүхдийг шийтгэхийг зөвшөөрчээ. Хориглоогүй гэдэг зөвшөөрч байгаагийн нэгэн илрэл биз дээ. Хориглоогүй болохоор аавын суран тэлээ, ээжийн алганы амт буруу гэж ярих эрх байхгүй ч юм шиг. Ийм дүрэмгүйгээс л манай улсын олон хүүхэд гэр бүлдээ аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдалд өртөж байна. Аюулгүй, эсэн мэнд амьдрах, хөгжих суурь эрх нь зөрчигдсөөр л. Хүүхдийн бие махбод болон сэтгэл санааны эсрэг шийтгэлийг хориглох нь шонтгор хамар, шар үстнүүдээс гаралтай Европ маягтай сэдэв юм шиг. Хүүхдийг хүмүүжүүлэх манай уламжлалт арга, соёлд хүүхдийг зодох нь энгийн асуудал шиг боловч алийн болгон дэлхийгээс таг тасарч явах вэ дээ. Зуны сарын эхэн, зургаан сарын нэгэн, хүүхэд бүхний баяр хөгжилтэй сайхан энэ өдрөөс аав ээж бүхэн хайраар халхалсан хатуу нударга надад бий юү гэдгээ эргээд нэг тунгаагаарай. Монгол монгол соёлоос суран бүсний амтыг халцгаая.
Үндэсний шуудан сонин
Сэтгүүлч Л. Мөнхзаяа




